“Орос хэл шинжлэлийн сургууль-2024”-ийг Монголд зохион байгуулна
В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургууль Монгол улсад “Орос хэл шинжлэлийн сургууль-2024”-ийг зохион байгуулах тэтгэлгийг Россотрудничество агентлагаас хүртжээ.
Монгол улс дахь орос хэлний байр суурийг ахиулж, зааж сургах үйл явцын чанарыг сайжруулахад энэ төсөл чиглэх юм.
Төслийн хүрээнд В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургууль монгол хүмүүст зориулсан агуулгаар сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн гол онцлог нь зөвлөлтийн болон монголын орос хэл судлаач багш нарын урт хугацааны туршид хамтран хөгжүүлж ирсэн уламжлалыг эрдэм шинжилгээ, боловсрол судлалын үнэт зүйлсэд тулгуурлаж хоршин ашиглах юм. Энэ үнэт зүйлийг сэргээж, баяжуулахад “Орос хэл шинжлэлийн сургууль-2024” чухал алхам болно.
Төслийн зорилтот бүлэг нь Монгол улсын орос хэлний багш нар, МУИС болон МУБИС-ын төгсөх дамжааны оюутнууд буюу ирээдүйн багш нар байх юм.
“Монгол-оросын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, энэ хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх гол чухал хэрэгсэл нь орос хэл болж байна. Орос хэл саяхныг болтол Монгол улсад идэвхтэй сурч судлагдаж монголчуудын олон үеийнхний ой ухамсарт Оросын талаарх хамгийн эерэг дүр төрхийг бүтээсэн юм. Ийм нөхцөлд бид Монгол улсад орос хэлийг судлах, дэлгэрүүлэх чиглэл дэх эерэг чиг хандлагуудыг бэхжүүлэх шаардлагатай хэмээн үзэж, монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлагаа хуваалцаж, тэдэнд хамгийн үнэтэй мэдлэг чадвараасаа хуваалцах нь чухал гэж бодож байна” гэж В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургуулийн захирал Янина Чиговская-Назарова тэмдэглэн хэллээ.
Энэ төслийн бас нэг чухал зорилт бол орос хэлийг гадаад хэлний журмаар зааж сургах тогтолцооны хямралыг давж, гадаад суралцагчдад зориулсан онцлог сургалтын хөтөлбөр, арга зүйг бий болгох юм. «Орос хэл шинжлэлийн сургууль-2024» энэ нөхцөл байдлыг гадаад хүмүүст орос хэл заах салбарт орос судлаачдын боловсруулсан уламжлалт арга барилыг, төсөлт ажил, кейсийн аргачлал, багийн тэмцээн болон бусад орчин үеийн бүтээлч интерактив сургалтын хэлбэрүүдтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэх замаар өөрчлөхөд тус дөхөм үзүүлэх юм. “Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарсан арга хэмжээ зохиох явцдаа бид ойр нягт түншлэлийн холбоо тогтоож, орос хэл судлах ижил сонирхол бүхий хүмүүсийн нийгэмлэгийг бүрэлдүүлж чадсан юм. Орос хэл судлалын салбарт бидний хуримтуулсан баялаг туршлага, харилцаа, хамтын ажиллагаа “Орос хэл шинжлэлийн сургууль-2024”-ийг амжилттай гардан зохион байгуулахад тус болох нь дамжиггүй юм”,- В.Г. Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургуулийн төслийн хэлтсийн захирал Арсений Парфёнов ярилаа.
Энд дурьдахад, .Г. Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургууль ОХУ-ын Гэгээрлийн яамны даалгавраар Монгол улсад орос хэл, оросын боловсролыг сурталчлах чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 7-р сараас эхлэн тус их сургууль Монголын дунд сургуулиудын орос хэлний багш нар болон орос хэлээр ерөнхий боловсролын хичээл заадаг багш нарт зориулан оросын ерөнхий боловсролын шилдэг туршлагуудын талаар мэргэжил дээшлүүлэх семинар, вебинар зохион байгуулж, Орос-Монголын хамтарсан сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтын төслүүдийн уралдаан болон төрөл бүрийн анализ мониторингийн судалгаанууд хийжээ.
В.Г. Короленкогийн нэрэмжит Глазовскийн инженерийн боловсролын улсын их сургууль тэрчлэн, 2023/24 хичээлийн жилийн эхнээс ОХУ-ын боловсролын стандартад шилжсэн Улаанбаатар хотын 162 дугаар дунд сургуулийн багш, мэргэжилтэн нарт зориулж “Гадаад хүмүүст орос хэл заах” ерөнхий боловсролын хөтөлбөрийн дагуу сургалт явуулахын зэрэгцээ Орос-Монголын хамтарсан сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад сургалтын төслүүдийн уралдааныг хоёрдахь удаагаа зохион явуулсан байна. Мөн тус их сургууль ирэх намар 162 дугаар сургуулийн багш нарт тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийн сургалт явуулах юм байна.
В сюжете: РоссияМонголияобучениерусский язык