Эдийн засаг, хөгжлийн яам Орост зорчих хугацаа болон визийн хураамжид өөрчлөлт оруулах санал гаргав
Олон дахин нэвтрэх виз нэвтрүүлснээр Орос руу жуулчдын урсгал нэмэгдэхэд эерэг нөлөөлөх боломжтой.
ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яам олон дахин нэвтрэх виз бий болгож, Орост зорчих хугацаа, визийн хураамжид өөрчлөлт оруулах санал дэвшүүлжээ. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Вахруков «Путешествуй!» хэмээх оросын аялал жуулчлалын форумын үеэр энэ тухай мэдээлжээ.
«Бид бусад яамдын нөхөддөө тодорхой санал дэвшүүлж байна. Энэ бол нэг удаагийн цахим визийн хүчинтэй хугацаа, зорчих хугацаа, давтамжийг нэмэгдүүлж, тариф тогтоох асуудал юм», —гэж тэр ярив. Мөн Вахруков олон дахин нэвтрэх виз нэвтрүүлснээр Орос руу зорчих жуулчдын урсгалд нааштай нөлөө үзүүлэх боломжтой гэж ярьжээ.
«15 сар эсхүл 2 жилийн хугацаатай олон дахин нэвтрэх визтэй болсоноор үр дүн авчирна гэдэг бидний байр суурийг шинжээчид мөн баталж байгаа юм. Энэ нь одоогоор байхгүй байгаа систем учир үндсэн чиглэлийн нэг болж байна», — гэж тэр цохон хэллээ.
Визийн хугацаа өөрчлөгдөх нөхцөлд улирлын шинж чанарт анхаарал хандуулахыг дэд сайд мөн санал болгож байна. «Жишээлбэл, Хятад болон Ойрх Дорнодын хувьд, Орос руу аялж жуулчлах хэрэгцээ өндөр эрэлттэй байх хугацаа нь өөр байдаг. Хятадын Цагаан сар тухайлбал, нэгдүгээр сараас хоёрдугаар сард тохиодог бол, Ойрх Дорнодын хувьд, 12, 7, 8 дугаар сар оргил үе байдаг. Өөрөөр хэлбэл, бид жилийн аль үед манай аялал жуулчлалын бүтээгдэхүүн хамгийн өндөр эрэлттэй байдаг вэ гэдгийг анхаарч байна», — гэж тэр тайлбарласан байна.