Кызыл хотын нисэх буудалд Эрхүүгээс анхны шууд нислэг үйлдсэн онгоц буув
S7 Airlines нисэх компани Оросын дотоодод агаарын тээвэр хөгжүүлсээр байна. Тувагийн ард иргэдийн хувьд цоо шинэ нэг чиглэл нь Эрхүү-Кызылийн тогтмол нислэг боллоо.
Өнөөдөр Тувагийн Бүгд найрамдах улсын нийслэлийн нисэх буудалд Эрхүүгээс шууд нислэг үйлдсэн анхны онгоц буулаа. «Өнөөдөр бид Эрхүүгээс шинээр шууд нислэгийг угтаж авах гэж байна. Анхнаасаа ачаалал их байгаа нь харагдаж байна: Онгоц бараг дүүрэн байна. Мөн тийзэнд татаас олгоно, энэ асуудал удахгүй шийдэгдэнэ», — гэж Тувагийн зам тээврийн цогцолборын сайд Шораан Чыргал-оол онгоц газардахаас хэдхэн минутын өмнө сэтгэгдлээ хуваалцав.
Нислэг долоо хоногт хоёр удаа даваа, баасан гарагуудад үйлдэгдэнэ. Эрхүүгээс орон нутгийн цагаар 8:25 цагт хөөрч, Кызылд — 9:45 бууна. Буцаад Тувагийн нийслэлээс 10:30 цагт хөөрч, Эрхүүд 13:10 орчимд бууна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 1 цаг 40 минут.
«Иркутск —Кызыл — Иркутск чиглэлийн нислэг анх удаа үйлдэгдэж байна. Энэ бол Эрхүүгийн оршин суугчдын хувьд Тувагийн Үндэсний музей, “Азийн Төв” аялал жуулчлалын цогцолбор зэрэг дурсгалт газруудыг үзэх гайхалтай боломж болно. Мөн Тувагийн иргэдэд Байгаль нууранд аялах боломж олгох юм», — гэж S7 нисэх компанийн төлөөлөгч Юрий Шестаков тэмдэглэн хэлэв.
Нислэгийг Embraer 170 хэмээх тухлаг онгоцоор үйлдэнэ. Онгоц 78 зорчигчийн багтаамжтай. Ийм багтаамжтай онгоцоор одоогийн хуваариар нислэг үйлдэнэ гэдэг нь аялагч жуулчид болон сүүлийн мэдээгээр, Эрхүүд оршин сууж байгаа тувачуудын хувьд таатай завшаан юм.
«Би анх удаа Тувад ирж байна. Загасчлахаар ирж байгаа тул Тувагийн тэнгэр ивээнэ гэж найдаж байна. Тав тухтай сайхан нисэж ирлээ», — гэж Эрхүүгээс ирсэн зочин өгүүллээ.