Буриадын засгийн газар Хятадын талтай хөрөнгө оруулалтын төслүүд хэлэлцжээ
Талууд Улаан-Үд хот болон хятадын хотуудын хооронд тогтмол нислэгтэй болох, ХАА-н техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт болон «Бурятмяспром» НХН-ийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд борлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Долоодугаар сарын 30-ны өдөр Буриадын засгийн газарт Бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов, БНХАУ-ын «Хөрөнгө оруулалтын удирдлагын Шоуненг» ХХН захирлуудын зөвлөлийн дарга, ноён Юй Жихай нарын албан уулзалт болов. Ноён Юй Жихайн мэдээлснээр, одоогийн байдлаар Хайнаний агаарын тээврийн компанийн удирдлага тогтмол нислэг үйлдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тус олон улсын агаарын тээврийн компани оросын түншүүдтэй ажиллах баялаг туршлагатай байна. Мөн компанийн удирдлага Улаан-Үд-Хайнань арал, Улаан-Үд-Бээжин чиглэлд агаарын нислэг үйлдэх боломжийг урьдчилан судалж байна. Зорчигч тээврийн нислэг үйлдэхээс гадна талууд агаараар ачаа тээвэрлэх хэтийн төлөвийг мөн үнэлжээ.
Буриадын тэргүүн ачааны болон агаарын харилцааны зэрэгцээ транзит тээврийн боломжийг мөн судалж үзэх шаардлагатайг тэмдэглэв.
- Ачаа, зорчигч тээврээс гадна транзит тээврийг ирээдүйтэй чиглэл гэж үзэж байна. Улаан-Үд хотын нисэх онгоцны буудал нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын агаарын эрх чөлөөний тавдугаар зэрэгтэй. Орост транзит тээврийн ийм статустай ердөө гурван нисэх буудал байдаг нь. Владивосток, Сочи, Улаан-Үд юм” гэж Алексей Цыденов ярив.
Олон улсын «Байкал» нисэх онгоцны буудлын захирал Дмитрий Гармаев Хятадын агаарын тээврийн компаниудад таатай нөхцөл бүрдүүлснээс гадна газрын үйлчилгээний гэрээ байгуулахад бүрэн бэлэн байгаагаа хэллээ.
- «Байкал» нисэх буудал бүрэн бэлэн, бүх алба 24 цагийн ажиллагаатай. Бид хятадын нисэх компаниудын нислэгийг хэзээ ч хүлээж авахад бэлэн байна. Манайд онгоцны түлш нийлүүлдэг оператор компаниудтай хэлэлцээ хийсэн. «Славнефть» («Газпромнефть-АЭРО») и «Аэрофьюлз» хоёр компани хоёулаа хятадын нисэх компаниудад түлш нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн, - гэж Дмитрий Гармаев ярив.
Мөн уулзалтаар Буриадад хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв. Буриадын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Галсан Дареев энэ зориулалтаар талбай гаргаж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв.
-Бид Улаан-Үд хотын ойролцоо Новая Брянь тосгонд хөрөнгө оруулалтын талбай олгоход бэлэн байна. Газрын талбай нь 5.3 мянган м.кв, үйлдвэрийн барилгын талбай нь 1.5 мянган м.кв байх бөгөөд тус барилга нь дэд бүтэц, ус хангамж, цахилгаан, дулаан, бохирын шугамд холбогдсон байна.
Галсан Дареев эдгээр газруудад өнөөдөр л гэхэд жилдээ нэг зуу хүртэлх төрлийн машины эд анги угсрах боломжтой байгааг дурьдаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг мөн тэмдэглэв. Түүнээс гадна Сэлэнгийн тосгонд бичил оврын тракторын дагалдах төхөөрөмжүүд угсардаг угсрах үйлдвэр байдаг байна.
Хятадын тал Буриадад роботжсон тоног төхөөрөмж буюу ХАА-н техникийг хүний оролцоогүй шахам угсрах боломж бүхий сүүлийн үеийн угсралтын шугамууд нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Үүний дүнд үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, Дорнод Сибирийн болон Алс Дорнодын зах зээлд гаргах боломж бүрдэх юм.
Уулзалтын үеэр хэлцэгдсэн өөр нэг сэдэв нь БНХАУ-ын зах зээлд «Бурятмяспром» ХХН-ийн бүтээгдэхүүнийг борлуулах тухай байв. Ноён Люй Жихайн тэмдэглэж хэлсэнээр, тэр уулзалтын өмнө үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцжээ:
- Бид өчигдөр үйлдвэрлэлийн талбайд очиж, удирдлага, технологчидтой ярилцаж, үйлдвэрлэлийн үйл явцтай танилцсан байна. Бид бүтээгдэхүүн худалдаж авах бодол бий. Гэхдээ Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа явуулах таваарын тэмдэг авах гаалийн баримт бичиг бүрдүүлэхэд хугацаа шаардлагатай. Энэ ажилд хагас жил хүртэл хугацаа орж болзошгүй. Бид нөөшилсөн мах төдийгүй, хиаман бүтээгдэхүүн, дагалдах бүтээгдэхүүн, мах худалдаж авахад бэлэн байна.
Ноён Люй Жихай Хятадад эдгээр бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл олдсон, дээрээс нь хятадын тал худалдааны бүх томоохон сүлжээгээр борлуулалт хийх боломжийг хангахад бэлэн байна гэж мэдээлжээ.