Буриадад лам нарын амьдралтай ойроос танилцах боломжийг жуулчдад олгоно
Энэ өдрүүдэд буриад нутгийн гүн дэх Санага тосгонд «Хувь төөргийн уншлага -Арьяабал» арга хэмжээ зохиогдож өндөрлөв.
Буриад нутгийн гүн дэх Санага тосгонд аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байна: зөөврийн түр буудлууд босгож, үйл явдал тохиолдуулсан арга хэмжээ зохион байгуулж, жуулчлалын дурсгалт газрууд бий болгон, явган болон морин аяллын замууд тохижуулж байна.
Энэ өдрүүдэд Санага хотод «Хувь төөргийн уншлага АрьяаБал» арга хэмжээ боллоо. Түүнд Улаан-Үд хотоос аялал жуулчлал эрхлэгч бизнесийн төлөөллүүд нутгийн иргэдтэй холбоо тогтоохоор хүрэлцэн очжээ.
Санага нутгийн дацангийн дэргэд жуулчдыг буулгах «templstay» хэлбэрийн түр буудал зэхсэн нь сонирхол татаж байв. Энэ төрлийн аялал жуулчлал Зүүн Өмнөд Азийн орнуудад өргөн дэлгэрсэн бөгөөд лам нарын өдөр тутмын аж амьдралтай танилцаж, басхүү буддын шашны өөрийгөө таних үндэст суралцах арга болдог байна.
Нэртэй монументалист уран барималч Ю.Е.Мандагановын бүтээсэн «Диваажин орон» арт бүтээл бүгдийн сонирхлыг татсан юм. Уг арт-бүтээл хүмүүсийг суулгасан тэргийг Диваажингийн орон руу чирч байгаа аварга том гурван бухыг дүрсэлжээ.
И.С.Ивахиновагийн удирдлага дор манай нэртэй шатарчдын оролцсон шатрын тэмцээн ер бусын өрөг тавьсанаар эхлэв. Шатрыг анх удаа морьтой дүрсүүдээр нүүсэн юм. Чингис хааны үед өргөн дэлгэрч, дайчид аян дайны явцдаа ийм ер бусын хэлбэрээр оюуны тоглоом тоглодог байсан гэлцэнэ.
“Нутгийн авхаалжтай иргэдийн хүчээр аялал жуулчлал манай бүс нутгийн хамгийн алс хязгаар нутагт ч хөгжих нь дамжиггүй. Нутгийн иргэд зочдоо гар дэлгэн угтаж, өвөрмөц хийгээд баялаг өв соёлынхоо мэдлэгээс харамгүй хуваалцахад бэлэн байна”, - гэж Буриадын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев өөрийн телеграм сувагт бичжээ.