Улаан-Үдээс Улаанбаатар хүртэл 4500 рублиэр 55 минутад хүрнэ
“ИрАэро” нисэх компани долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагуудад “Байкал” нисэх буудлаас Улаан-Үд, Улаанбаатар хоёрын хооронд шууд нислэг хийнэ.
Нислэгийг канад онгоц ”Bombardier CRJ-200” гүйцэтгэх бөгөөд нислэгийн хугацаа ердөө 55 минут байх юм. Нислэгийн цагийн хуваарийг зорчигчдод өөрсдийн ирэх буцах хугацааг өөрсдөө зохион байгуулахад дөхөмтэй байхаар тооцоолжээ.
“ИрАэро” нисэх компанийн худалдааны захирал Александр Макиний үгээр бол энэхүү нислэгийн чиглэлийг сэргээсэн нь түүхэн чухал ач холбогдолтой ажээ. “Манай улсуудын ард түмэн үргэлж хоорондоо найрсаг харилцаатай байсаар ирсэн. Тэгээд ч энэ чиглэл харилцан ашигтай хамтын ажиллагаа болон эдийн засаг, жуулчлалын хүрээний хөгжлийг авч ирнэ. Одоо зорчигчдод илүү хөдөлгөөнт хувилбарыг сонгох боломж олгож байна” хэмээн Александр Макин өгүүлж байна.
Монгол иргэдийн хувьд Улаан-Үдээр дамжин Иркутск, Красноярск, Новосибирск, Хабаровск, Владивосток болон Москва руу транзит нислэг үйлдэх боломжтой. Харин Буриадын зорчигчдын хувьд Улаанбаатараар дамжин Сөүл, Токио, Бээжин, Хонконг руу нисэх нислэгээс сонгох боломж гарч ирж байгаа юм.
Онцлон хэлэхэд Улаанбаатараас Москва руу “МИАТ”, “Аэрофлот” гэсэн хоёр компани шууд нислэг үйлддэг ч энэ нь өдөр бүр нисдэггүй юм. Бас нэг талын тийзний хамгийн бага үнэ нь 36 мянган рубль. Харин одоо “ИрАэро” компанийн ачаар Улаанбаатарын зорчигчдод Улаан-Үдээр дамжин нисэх боломж бүрдэж байна. Мөн нисэх компани болон “Байкал” нисэх буудлын хамтын ажиллагааны ачаар “Улаан-Үд –Улаанбаатар” чиглэлд хямдралтай үнээр үйлчлэх болсон бөгөөд нэг тийзний үнэ 4500 рубль болж байгаа (140-170 мянган төгрөг).
Шинэ чиглэл нээсний танилцуулах уулзалтаар “Байкал” нисэх буудлын гүйцэтгэх захирал Евгений Сивцов, “ИрАэро” нисэх компанийн худалдааны захирал Александр Макин нар “Чингис Хаан” нисэх буудлын захирал Баясгалан Бадралтай ажил хэргийн уулзалт хийжээ. Энэ үеэр ОХУ, Монгол Улсын хоорондох нислэгийн хөгжлийн хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагааны чухал талыг онцолсон байна.
Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр “Чингис Хаан” олон улсын нисэх буудал шинэ транзит танхим нээсэн бөгөөд ингэснээр зорчигчид нэвтрүүлэх чадал гурав дахин нэмэгдсэн байна. Үүний ачаар Улаан-Үдээс ирсэн зорчигчид шинэ танхимын тав тухыг мэдэрч эхлээд байгаа билээ.
В сюжете: УлаанбаатарУлаан-Үдээснисэх компани