Буриад дахь Олон улсын буддын форумын үеэр дорнын уламжлалт анагаах ухааны талбай ажиллана
2024 оны 8 дугаар сарын 12-14-нд Буриадад болох “Уламжлалт буддын шашин ба орчин цагийн сорилтууд” сэдэвт Олон улсын 2 дахь удаагийн форумд зориулсан хэвлэлийн бага хурал боллоо.
Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар болон Засгийн газрын тэргүүний хэрэг эрхлэх газрын дэд дарга Ирина Доржиева “Россия сегодня” олон улсын медиа группын хэвлэлийн төвд энэ тухай мэдээллээ.
“Буддын боловсрол”, “Ухамсрын буддын концепц, түүний орчин цагийн практик ач холбогдол”, “Дорнын уламжлалт анагаах ухаан”, “Буддизм ба эколог”, “Олон улсын даяанчлал ба аялал жуулчлалыг ардын дипломат болон орчин цагийн эдийн засгийн хүрээнд авч үзэх нь”, “Буддизм ба уламжлалт үнэ цэн” зэрэг үндсэн сэдэвт талбаруудыг товлоод байна.
- Буддын шашны анхны форумаар, шашны асуудлууд болон орчин цагийн сорилтуудыг чухамхүү Оростой холбон хэлэлцэх сонирхол өндөр байгаа нь харагдсан юм. Форум яагаад амжилттай болсон бэ гэхээр: Буриад бол дорно дахины судлал, буддизмын төв бөгөөд манайд Оросын ШУА-ын монгол судлал, буддын шашин судлал, төвд судлалын Сибирийн салбарууд ажилладаг юм. Буриадад буддын арвин сан хөмрөг, архив, музейн үзмэрүүд, эртний гар бичмэлийн дээжүүд, XIX зууны төвдийн анагаах ухааны дэлхийд ганц хувь Атлас, мөн Итгэлт Хамба ламын эрдэнийн мөнх биеийн өнөө хэр тайлагдаагүй нууц зэрэг зүйлс бий. Мөн бид гадаадын оролцогчдоос маш олон эерэг санаа сэтгэгдлүүд хүлээж авсан тул хоёрдахь удаагийн форумыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Оросын Буддын шашны форумын талбай дээд зэргээр төвийг сахидаг тул энд оролцогч болгон ая тухтай байж чаддаг юм”, - гэж Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээллийн бодлого, олон нийттэй харилцах асуудал болон нийгмийн төслүүд эрхэлсэн дэд дарга Ирина Доржиева мэдээллээ.
Буриадын засгийн газар тус форумд бэлтгэх хүрээндээ анхны форумын оролцогчид, тухайн арга хэмжээг зохион байгуулахад оролцсон яам тамгын газруудтай нягт харилцаа өрнүүлж байна. Форумын хөтөлбөрийг боловсруулах ажил үргэлжилж байна.
-Буриадад иргэний засаглал ба шашны нийгэмлэг хооронд өвөрмөц бүтэц байгууламж бүхий харилцаа өрнөдөг, энэ харилцаа хэр нэр төртэй бөгөөд өндөр түвшинд тавигддагийг хэн бүхэн харсан байх. Буддын шашны Олон улсын хоёрдахь удаагийн форум ихэвчлэн хөгжлийг харуулах болно. Одоогийн байдлаар манай сан , гадаад улс орнуудтай боловсролын салбарын хамтын ажиллагааг бүрдүүлэх зорилгын үүднээс гадаадын эрдэмтэд, багш нар, мэргэжилтнүүдийг татан оролцуулах чиглэлд олон улсын талбар дахь ажлаа өрнүүлж байна. Анхдугаар форумын үр дүнд өнгөрсөн онд их дээд сургуулиудын консорциум байгуулагдсан нь энэ онд боловсролын тодорхой чиглэлүүдийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна, - гэж Буддын боловсрол, судалгаанд тус дөхөм үзүүлэх Сангийн гүйцэтгэх захирал Алексей Шемякин ярив.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, буддизм болон төвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сергей Лепехов буддизмын өвөрмөц чанар нь бурхны шашинтнууд бүх оршихуйн туршдаа өөр рүүгээ нэвтэрч, хамгийн олон янзын соёл, гүн ухаан, шинжлэх ухааны ололтыг өвлөн хадгаламж чадварыг олсон байдагт оршдог юм. Тэгээд ч өнөөдөр эдгээр ололт нь улам бүр эрэлт хэрэгцээ ихтэй болж байна.
-Буддын сэтгэл зүй асуудлын гүнд нэвтрэх, нарийн бүтэц бүрдэлт чанараараа, мөн тодорхой практикийн эх үндэс болох байдлаараа өнөө хэр өрнөдөөс түрүүлж явна. Анагаах ухааны тал дээр ч мөн адил: төвдийн анагаах ухаан европынхоос хавьгүй түрүүлж басхүү тэс өөр үндэс суурин дээр бий болсон юм. Хэрвээ европчууд эхлээд бүгдийг жижиг хэсгүүдэд хуваан салгаж, ямарваа тодорхой эд зүйлсийг задлан шинжлэхийг урьтал болгодог бол төвдийн анагаах ухаан хүнийг бүхэлд нь эмчлэхийг зорьдог: аль нэг тусгай өвчнийг эдгээх бус, биеийг бүхэлд нь анагаахыг чухалчилдаг. Орчин цагийн бодит байдалд уламжлалт үндэс сууриа хадгалахыг зорих шаардлагатай, - гэж Сергей Лепехов ярилаа.
Тэрээр мөн, Хятад, Энэтхэгийн дипломат харилцааны гүн бат харилцаа тогтоох хэтийн төлөв бий гэж үзэж байна.
- Хятадын буддизм оршин тогтнолын хугацаандаа солонгос, япон, вьетнам гээд Алс дорнодын буддизмд бүхэлд нь нөлөөлсөн юм. Харин буддизм Энэтхэгээс гаралтай гэдэг үүднээс үзвэл, энэ хоёр улсад уламжлалт зэрэгцэн оршихуйн зарчмуудыг тогтоохын тулд дипломатын томоохон холбоо хэлхээ өрнүүлэх өргөн боломжтой. Хэд хэдэн бүс нутагт нь бурхны шашин дэлгэрсэн гэдэг үүднээсээ Орос улс мөн бурхны шашинт орон. Тиймээс удахгүй болох форум ихээхэн амжилт ололтоор дүүрэн байна гэж бид найдаж байна.
“Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд” буддын олон улсын хоёрдугаар форумд дэлхийн олон арван улс орны гарамгай эрдэмтэд сэтгэгчид, нийгмийн зүтгэлтнүүд, санваартан багш нар хуран чуулна. Анхдугаар форум өнгөрсөн оны 8 дугаар сард Улаан-Үдийн Иволгын дацанд болж байсан юм. 14 орны нийт 1000 шахам хүн энэ форумд оролцсон байдаг. Форумыг Бүгд найрамдах Буриад улсын засгийн газар, Буддын боловсрол, судалгааг дэмжих Сан, ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Оросын буддын шашны уламжлалт нийгэмлэг зохион байгуулсан юм.
Фото: egov-buryatia.ru
Источник: egov-buryatia.ru
В сюжете: БурятияТуваМонголиябуддизмбуддистыбуддийский форум