Буриадын тэргүүн экологийн соёл иргэншлийн үзэл санааны тухайд: “Энэ бол маш зөв, стратегийн арга барил юм”. ВИДЕО
Алексей Цыденов экологийн соёл иргэншил бий болгох тухай БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үзэл санааг зөв бөгөөд стратегийн арга хэлбэр мөн гэж нэрлэлээ.
Буриадын Засгийн газрын тэргүүн «CGTN» телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгджээ.
- Байгаль орчинд хор хохирол учруулалгүй, хадгалж хамгаалж басхүү сэргээн тордох арга хэлбэрээр эдийн засаг, хүн ардын аж амьдралыг зохицолтой хөгжүүлэх нь тун зүйтэй, басхүү стратегийн арга барил юм. Үр хүүхэд, ач зээ, хойч үедээ бид хүний гараар эвдэгдэж сүйтгэгдээгүй байгаль дэлхийг үлдээх учиртай. Манай Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Байгаль нуурт маш их анхаардаг. Байгаль нуурыг хадгалж хамгаалж, хосгүй цэвэр ариун байдлыг хамгаалахад тэр биечлэн анхаарал хандуулдаг. Аялал жуулчлал, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд Байгаль нуур дээрх бүх салбарын төслүүд нуурын унаган төрхийг хадгалж хамгаалах нөхцөлтэйгээр хэрэгжих ёстой байдаг. Ши Жиньпин дарга болон Владимир Владимирович Путины ярьж хэлж буй зүйлс Буриадад онцгой ач холбогдолтой. Учир нь Буриад бол Байгаль нуурыг хамгаалж буй бүс нутаг. Бид бүхий үйл ажиллагаа, хэтийн хөгжлийн төлөвөө Байгаль нуурт хор хохирол учруулахгүй, зүй зохистой хөгжил байх талаас нь харж зохион байгуулдаг. Нийгэм-эдийн засгийн хөгжил, байгаль хамгаалал, Байгаль нуурын хадгалалт хамгаалалт аль аль нь зөв зүйтэй бөгөөд цаашид ч энэ арга хэлбэрээр урагшлах хэрэгтэй юм.
2018 оноос “Экологийн соёл иргэншил”-ийн чиг баримтлалыг БНХАУ-ын Үндсэн хуульд тусгасан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд байгаль экологи, хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлаарх Бүх Хятадын бага хурал дээр, Хятад улс энэ үзэл санааны хүрээнд өндөр чанартай экологийн орчинд тулгуурлан хөгжил шинэчлэлээ түргэтгэхийн хамтаар хүн байгалийн харилцан зохицлыг хадгална гэдгийг мэдэгдэж байсан юм.
ЛАВЛАГАА
CGTN - 2016 онд байгуулагдсан орос хэлээр мэдээ нэвтрүүлэг дамжуулдаг хятадын олон улсын телевизийн суваг. Тус хэвлэл мэдээллийн байгууллага 2016 оны 12 дугаар сарын 31-нд байгуулагджээ. БНХАУ-ын төрийн мэдлийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бөгөөд Хятадын Коммунист намын үзэл суртлын хэлтсийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг.