Монгол-Оросын төрөл бүрийн барааны үзэсгэлэн-яармагт “Аркода” компани оролцов
“Аркода” компани Буриадад хүүхдийн болон спортын талбайн үйлдвэрлэл эрхлээд олон жил болжээ.
Үйлдвэрийн цех нь Улаан-Үд хотын аж үйлдвэрийн паркт байрладаг бөгөөд Буриад болон Өвөр Байгалийн хязгаарын хэмжээнд дээрх төрлийн талбайнууд нийлүүлдэг байна. “Аркода” ХХН-ийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Сергей Александрович Дудникийн ярьснаар, Монгол-Оросын үзэсгэлэн-яармагт тус компани борлуулалтын зах зээлээ тэлэх, мөн Монголд хамтрах түншлэгчид хайхаар иржээ.
-Манай бүтээгдэхүүн зохих журмын дагуу гэрчилгээжсэн, хэрэглэгчдийн сэтгэгдэл өндөр байдаг юм. Энэ үзэсгэлэнгийн эхний өдөр л Монголд манай бүтээгдэхүүнийг сонирхох сонирхол их байгааг ойлгосон. Монголд олон орон байр орон сууц баригдаж нийтийн эзэмшлийн талбайнуудын тохижилт явагдаж байгаа учраас эндэхийн зах зээл бидний хувьд алс хэтийн төлөв сайтай харагдаж байна. Харин монголын талын санаанд хүрэхгүй байгаа зүйл нь манай үнийн бодлого болж байна. Учир нь зах зээл дээр хямд төсөр хуванцар тоглоомын талбай их байдаг ч манайх төмөр болон модон хавтангаар хийгддэг. Гэхдээ хэд хэдэн компани бидэнтэй уулзаж хамтран ажиллах хүсэлт илэрхийлсний дотор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид мөн байсан юм.
Энэ удаагийнх шиг үзэсгэлэн-яармаг үйлдвэрлэгчид худалдан авагчдад маш ашигтай байдаг хэдий боловч боломжит түншүүдтэй ажил хэргийн нүүр тулсан уулзалт хэлэлцээнд оролцох хүсэл их байгаагаа Сергей Дудник мөн ярьж байлаа.
Монгол улсын Оростой хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Зөвлөлийн гүйцэтгэх захирал ноён Э.Оюунтэгш Монгол-Оросын үзэсгэлэн-яармагийг өндөр үнэлэв.
Тус Ажил хэргийн төвийн үйл ажиллагаа үндсэндээ, Монголын зах зээлд хөл тавьж байгаа оросын компаниуд болон үүний эсрэгээр Орост үйл ажиллагаа эрхлэх монголын үйлдвэрлэ, бизнес эрхлэгчдэд ажил хэргийн холбоо тогтооход нь туслах зорилготой гэдгийг тэрээр хэлсэн юм.
-Бид хөрш зэргэлдээ орнууд учраас хэн хэндээ хэрэгцээтэй. Манай бүтээгдэхүүн оросын зах зээлд эрэлттэй байдаг бол, оросынх мөн бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ мэт арга хэмжээг улам бүр ойр ойрхон хийж байх хэрэгтэй байна. Жишээ нь, ирэх есдүгээр сард, ургац хураалтын дараа ХАА эрхлэгчид фермерүүдийг илүү өргөнөөр оролцуулж болох юм.