Буриадад эмийн ургамлын хатаамал цуглуулгын тоон сан үүсгэнэ
Буриад улсын Филипповын нэрэмжит хөдөө аж ахуйн академийн мэргэжилтнүүд эмийн ургамлын хатаамлын тоон цуглуулга бүрдүүлэх ажил хэлүүлжээ.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн албанаас энэ тухай мэдээллээ. "Өвөр Байгалийн эмийн ургамлын тоон цуглуулга” төсөл нь “Тэргүүлэх зорилт 2030. Алс Дорнод” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна”. Тус академийн болон Оросын ШУА-ийн Сибирийн салбарын нийтлэг болон туршилтын биологийн хүрээлэн, шинэ экспедицүүдийн олзворуудаас бүрдсэн цуглуулгын ургамлуудын 100 гаруй тоон хувилбарыг хэдийнэ үүсгэсэн. Нийтдээ 2000 орчим дээжийг тоон хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байна”, - гэж тус хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Ийм сан бүрдсэнээр тус бүс нутгийн эмийн ургамлуудын талаарх шинжлэх ухааны бүрэн мэдээлэл авахаас гадна дэлхийн мэдээллийн сангуудын стандартад нийцсэн баримт бүрдүүлэлтийг тоон хэлбэрээр үүсгэх юм. Ургамлын хатаамлын цахим цуглуулгад үндэслэн тус академиас оюутнууд болон мэргэжилтнүүдэд VR-технологийн тусламжтай мультимедиа сургалтын курсүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахим хатаамлын цуглуулгын платформыг Буриадын ХАА-н академийн шинжлэх ухааны номын санг тоон системд шилжүүлэх лабораторид боловсруулсан байна. Энэ мэдээллийн санд ургамлын хатаамлын тоон дүрс, шинжлэх ухааны тодорхойлолтыг өндөр нарийвчлалтайгаар оруулжээ. "Дээжүүдийн тодорхойлолтод тухайн ургамлын морфологи, ангилал зүй, системчлэл, төрлийн экологи, түүх газар, анагаах ухааны хэрэглээ, мал эмнэлэг, бэлдэх аргачлал зэрэг 30 гаруй шинж тэмдгийг багтаана. Мөн энэ тодорхойлолтыг байгаль дахь амьд ургамлын загваруудыг студийн нөхцөлд үүсгэсэн 3D загваруудаар баяжуулсан, - хэмээн хэвлэлийн албанаас нэмж дурьдсан байна. Ургамлын хатаамлын тоон цуглуулга бий болгоход их гүний огтлол болон макро зураглалын өндөр нарийвчлал бүхий CMOS RGB мэдрэгчтэй камераар тоноглогдсон ЭларСкан А2-400 хэмээх бүрэн зураглалын иж бүрдэл төхөөрөмжийг ашиглаж байна. “Эхлээд загварын гэрэл зургийг авч, дараа нь өнгө болон жижиг хэсгүүдийг зөв оновчтой харуулах үүднээс зургийн боловсруулалт хийгддэг. Ингэснээр ургамлыг таних, тэднийг маш нарийн бүтцээр нь судлах боломжтой болдог”, - гэж Буриадын ХАА-н улсын академдийн Шинжлэх ухааны номын сан тоон системд шилжүүлэх лабораторийн ажилтан Валерия Бардунаева ярилаа. Одоогийн байдлаар, ХАА-н академийн эрдэмтэд болон ажилтнууд Байгаль нуурын бүс нутаг дахь эрдэм шинжилгээ, боловсрол, музейн байгууллагууд дахь архивын тоон системд хувиргаагүй цуглуулгуудыг хайн тогтоохын зэрэгцээ шинэ нөөц бүрдүүлэх экспедицүүд төлөвлөж байна. Эмийн ургамлыг Буриадад бурхны шашны оточ маарамба нараас гадна орчин цагийн болон уламжлалт анагаах ухааны мэдлэгийг хослуулан ашиглаж үйлчилгээ үзүүлдэг Орос дахь цорын ганц төрийн мэдлийн эмнэлгийн байгууллага болох Дорнын анагаах ухааны төвд идэвхтэй хэрэглэдэг. Энд өвчтнүүдэд зүү эмчилгээ, бариа засал, ургамлан болон хорхой эмчилгээ, массажын үйлчилгээ үзүүлэхээс гадна эрдэс устай, ургамлын дусаалга бүхий усанд оруулах, усан массажны болон шавар эмчилгээ хийгддэг юм.