Буриад дахь гааль-ачаа тээврийн төвийг ирэх зун нээнэ
Хиагтын гааль-ачаа тээврийн төв нь Орос, Монгол, Хятад гурван улсын хоорондох бараа эргэлтийг сайжруулах зорилготой юм.
Буриадын Бүгд найрамдах улсын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов мэдээллээ.
“Монгол Улсын боомтын сэргэлтийн хорооны дарга Б.Тулгатай уулзалт хийлээ. Бид хөршүүддээ “Алтанбулаг-Хиагт” олон улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгийн дэд бүтцийг танилцууллаа. Гаалийн хяналт хэрхэн явагдаж, ачаа тээврийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж, Монголын иргэдэд хэлний бэрхшээлгүй орчин бүрдүүлсэн зэргийг харуулсан юм” гэж Буриадын тэргүүн ярив.
Уулзалтад оролцогчид тэрчлэн Хиагтын гааль-ачаа тээврийн төвийн барилгын явцтай танилцав. Барилгын ажлыг энэ оны 6 дугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа юм. "Энэ төв хоёр мянга гаруй квадрат метр талбайтай байх бөгөөд химийн болон аюултай материал байршуулах талбай, хөргүүр бүхий тасалгаанууд болон хилийн хяналтаар нэвтрүүлэх явцыг богиносгох бусад нөхцөлийг бүрдүүлсэн байх юм” гэдгийг Алексей Цыденов тэмдэглэлээ.
Хиагтын гааль-тээвэр логистикийн төв байгуулагдсанаар Орос, Монгол, Хятад гурван улсын хоорондох бараа эргэлт сайжруулахыг зорьж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2022 онд болсон Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр байгуулсан юм. Энэ баримт бичгийн дагуу, хөрөнгө оруулагч энэ төслийн хэрэгжилтэд 360 сая гаруй рубль гаргаж, мөн Буриадын 100 гаруй иргэдэд ажлын байр бий болгох үүрэг хүлээжээ.