АНУ-Д МОНГОЛЫН ЕРӨНХИЙ САЙД АСНЫ НЬЮ-ЙОРК ДАХЬ ҮЛ ХӨДЛӨХИЙГ ХУРААЖ АВАХААР ЗЭХЭЖ БАЙНА
АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр, Сүхбаатарын Батболд авлигын сүлжээнээс олсон мөнгөөр Манхэттенд 14 сая ам.долларын байр худалдаж авчээ.
Нью-Йоркт байрлалтай хоёр орон сууцыг олон улсын авлигын сүлжээнээс олж авсан хөрөнгөөс 14 сая ам.доллараар худалдаж авсан тул мөнгө угаах тухай холбооны хуулиудыг зөрчсөн үндэслэлээр хураавал зохино хэмээн Хууль зүйн яам энэ сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк дахь Зүүн тойргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргажээ.
“Нэхэмжлэлийн мэдүүлэгт өгүүлснээр, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд улсынхаа байгалийн нөөцийн борлуулалтаас ашиг хүртэх үүднээс албан тушаалаа урвуулан ашигласан” гэж АНУ-ын Ерөнхий прокурорын Хууль зүйн яамны эрүүгийн хэлтсийн дэд дарга Николь М.Аржентьери мэдэгджээ.
“Батболд болон түүний гэр бүл АНУ-д 14 сая долларын үнэ бүхий тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахдаа авлигын замаар олж авсан орлогыг ашигласан. Тиймээс уг үл хөдлөх хөрөнгүүдийг хураавал зохино. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нуун дарагдуулахдаа манай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийг ашиглаж болохгүйг авлига авсан албан тушаалтнуудад үүгээр сэрэмжлүүлж байна. Эрүүгийн хэлтэс албан тушаалаа урвуулан ашиглах замаар олсон мөнгийг нөхөн төлүүлж, гэмт хэргээс олсон ашгийг хурааж авахын төлөө тууштай ажиллах болно” гэж мэдэгджээ.
Үл хөдлөх хөрөнгө хураах тухай иргэний нэхэмжлэлд тэрчлэн, Монгол Улсын ерөнхий сайдын алба хашиж байсан, одоо Монгол улсын парламентын гишүүн С.Батболд нь өөрийн хүү болон нэр бүхий түншүүдийн эзэмшил бөгөөд мэдэлд байсан байгууллагуудад төрийн мэдлийн ордоос зэсийн концентраци худалдах ашигтай хэлцэл байгуулахдаа ерөнхий сайдын албан тушаалаа ашигласан байна. Зэсийн арилжааны огтоос туршлагагүй тэдгээр зуучлагчид нь зэсийн концентрацийн худалдан авалтын санхүүжилтийг бүрдүүлэхэд эсхүл худалдааг зохион байгуулах эс бөгөөс барааг хүргэхэд ямар ч оролцоогүй байсан юм. Тэд гагцхүү Батболд болон түүний гэр бүл Монгол улсын байгалийн баялгийг худалдаж олон сая долларын ашиг олох замаар Монгол улсын авлигын эсрэг хуулиудыг зөрчсөнийг нуун дарагдуулсан юм.
Ерөнхий сайд асан Батболд өөрийн хууль бус авлигын сүлжээнд халхавч болгох зорилгоор Нью-Йоркийн тансаг зэрэглэлийг орон сууцуудыг ашиглаж байсан нь нотлогдож байна” гэж Нью-Йорк дахь Зүүн тойргийн прокурор Бреон Пис мэдэгджээ.
“Өнөөдрийн хөрөнгө хураах тухай шийдвэр нь, орон сууц эзэмших хэлцэлд гэмт хэргийн үйл ажиллагаа хэрхэвч байх учиргүйг ойлгуулж өгч байна. Манай алба Засгийн газарт итгэх итгэлийг хөсөрдүүлсэн илэрхий авлигыг хаана үйлдэгдсэнээс нь үл хамааран хэрхэвч тэвчихгүй” гэж тэр мөн мэдэгджээ.
“Яллагдагч нь Монгол улсын ерөнхий сайд байх үедээ авлигын хөрөнгөөр Нью-Йоркт дээд зэрэглэлийн хоёр орон сууцыг худалдаж авахын тулд нарийн төлөвлөсөн схем ашигласан байна. Холбооны Мөрдөх товчоо авлигаар олж авсан хөрөнгүүдийг илрүүлж, хэчнээн нууж далдалсан байсан ч эргэн гаргуулахаар түншүүдтэйгээ ажиллах болно” гэж Холбооны мөрдөх товчооны эрүүгийн мөрдөн шалгах хэлтсийн захирлын туслах Майкл Нордвалл мөн мэдэгдсэн байна.